ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ БЭГЗИЙН ЯВУУХУЛАНГИЙН 80 НАСНЫ ОЙ ЭНЭ ОНД ТОХИОЖ БАЙНА.
2009 онд их яруу найрагч Б.Явуухулангийн 80 насны ой тохиож байгаа нь монголын утга зоихолын томоохон үйл явдал юм. Их найрагчийн ойд зориулж Соёл Яруу Найргийн Академиас Б.Явуухулангийн сонгодог шүлгүүдийг англи хэлнээ орчуулж гаргах гэж байгаа бөгөөд Монголчуудын сайн танил Саймон Вэккхам Смит шүлгийн орчуулга дээр ажилласан байна. Эдүгээ тэрээр АНУ-ын Сиатл хотноо Вашингтоны Их Сургуульд монголын яруу найраг судлалаар суралцаж байгаа бөгөөд энэ чиглэлээр суралцаж буй анхны судлаач билээ.
САЙМОН ВЭККХАМ СМИТ /Английн орчуулагч, судлаач/
ЯВУУХУЛАНГИЙН НАЙРАГ ЯМАРХАН НЭГИЙГ ШИВНЭХҮЙ
…Эртний монгол шүлгийн
Гайхам сайхан санаа
Энэ яваа насанд
Нэгийг надад шивнэж…
Яруу найрагч, зураач Мягмарын Амархүү ийнхүү дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шүлэг найргийн үзэл санааг илэрхийлэхийн сацуу тухайн цаг үеийнхээ утга зохиолын ертөнцөд найрагчийн эзлэж асан байр суурийг ч бас илтгэн харуулж байна.
Эгэл хүмүүний өчүүхэн жаахан хувь ертөнц, орчлон дэлхийн асар уудам хөдөлгөөнтэй нэгдээд ирэхээрээ дүрслэлийн илүү нарийн дүр төрхийг цогцлоон бүрдүүлж, энэ хирээр утга агуулгын хувьд ч гойд тодорхой болж ирэх ажээ. “Намрын навчис” шүлгийн хувьд миний анхаарлыг хамгийн их татсан зүйл нь энэ шүлэг нүүдэлчний яруу найргийн үзэл санааны ямар нэгэн илэрхийлэл бус, харин нүүдэлчний яруу найраг хийгээд түүнийг хүлээн авах дэлхий ертөнц хоёрын холбоон дунд зохиогч өөрөө альхан хавьд нь алхаж яваагаа илэрхийлэх гэсэн санаа. Магадгүй тэрээр энэ шүлгээрээ өтөлж өвгөрч, үс нь бууралтсан хүнд намрын цаг ямархан нэг цочрол, ганихралыг авчирдагыг дүрсэлсэн байж ч болох. Энэ бол Явуухулангийн өтөл насны дүр төрхийг зурсан хэрэг бус харин байгаль ертөнцөөс үүдсэн сэтгэгдэл, үүнээс ч илүүтэйгээр ертөнц дэлхийн жинхэнэ үнэн мөнөөс хүмүүсийн бүтээсэн ертөнц өөрийг нь түүнийг хэрхэн холдуулсаар байгааг өөрт төрсөн сэтгэгдлээрээ дүрслэн бичсэн санаа гэж би ойлгож байна.
Салхи ч үгүй нам гүм байтал
Шарласан навчис хийсэж байлаа.
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа.
“Намрын навчис”, Нүүдэлчний намар” зэрэг шүлгүүдээс нь мэдрэгдэх хөнгөн гуниг төрүүлэхүйц өнгө аясаас бид Явуухулангийн найраг шүлгийн үзэл санааны гол цөмийг олж харж болох мэт. Минийхээр түүний шүлгүүдэд гандуухан шаргал өнгө давамгайлах бөгөөд, дотоод дүрслэлүүдийн хөдөлгөөнүүд нь ихэвчлэн анир гүмээр л үргэлжлэх ажээ. Гэхдээ намар цагийн гандуу бүхэн нүүдэлчдэд хавар цаг эргээд л ирэхийн итгэлийг ямагт төрүүлнэ.
Түүний шүлэг найраг дахь хүмүүсийн дүр нь байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотойгоор дүрслэгдсэн байх бөгөөд найрагч байгаль дэлхийд хандсан өөрийн үгээ тэдгээр дүрүүдийн тусламжтайгаар, үлгэр домгийн хэлээр өгүүлэн байх нь бас их онцлогтой санагдана. Түүний бүхэнд танигдсан уран бүтээлүүдийн нэг болох “Тэхийн зогсоол” хэмээх шүлэгт үхэл нь ойртсон нэгэн янгирийн тэхийн тухай эцэг нь хүүдээ хүүрнэн байгаа өгүүлэмж гардаг. Энэхүү шүлгээ Явуухулан анчин эцэг Бэгздээ зориулсан билээ. Ер нь л Монгол анчид өөрсдийн агнадаг амьтадтайгаа ямар нэгэн шижмээр далд ухамсрын холбоотой байдаг.
Найрагч хүний хөл хүршгүй өндөр хэцийн дээрх маш нууцлаг, ихээхэн гуниг төрүүлэм үйл явдлыг голлон барьж шүлгээ туурвисан байх бөгөөд, уран зохиолын хэтрүүлэл, зүйрлэл хийгээд бодит дүрслэлийн аргын аль алинг ашиглан алсын тэртээх оргилын хүршгүй холыг илүүтэй товойлгон бичсэн нь нэн онцгой болжээ. Энэ нь ахиад л зураач Амархүүгийн цаг хугацаа, орон зайн орчлоор зорчиж, газар дэлхий, ан амьтдын дотоод ертөнцрүү нэвтрэхийг тэмүүлсэн өнөөх зургийн өгүүлэмжрүү өөрийн эрхгүй татах ажээ. Нөгөөтэйгүүр энэхүү дүрслэл нь уулын энгэрт бууриа тэлсэн хүмүүсийн ертөнц хийгээд оргил хэц дээр хөдөлгөөнгүй зогсох хөгшин тэх хоёрын хоорондох оршихуйн зөрчил, ялгаатай талыг өөд өөдөөс нь сөргүүлэн тавьсанаараа онцлог юм. Шүлэгт өгүүлснээр анч эцэг нь айл хотлынхондоо тэрхүү тэхийн зогсоолын нууцыг тайлан ярьж, нүүдэлчний ёс заншлаар алив үзэгдэлд хандан, зөвхөн энэ яриагаараа л оргил өөд хүрэхцорын ганц замыг тавьж байдаг.
Нөгөөтэйгүүр өгүүлэгдэн буй эцгийн яриа энэ шүлгийн хамгийн гол үзэл санааг өөртөө агуулсан байх бөгөөд уран зохиолын хамаг л нарийн дүр дүрслэлийн хэлбэрүүдийг ч мөн өөртөө шингээсэн байх юм. Энэ шүлгийн эцэг нь хүүдээ нэг нүдний дурангаа өгөн оргилыг дурандуулдаг хэсгийг уншаад би шууд л Явуухулангийн бүтээсэн дүрүүдийн ерөнхий хандлагыг ойлгох шиг болсон. Энэ шүлэгт гарч буй нэг нүдний дуран нь хэн нэгний ой дурсамжаас ямар нэгэн зүйл халин одох гэж буй тэрхүү агшнийг ойлгоход туслах билгэдлийн шинж чанартай дүрслэл юм.
Энд бас нэгэн бүргэд үүрээ эргэцэн, өдөржин тэр л оргилын дээгүүр эргэлдэн ниссээр л байдаг дүрслэл гарах бөгөөд ганц бүргэдийн энэ зураг газар дэлхийн ганцаар сондгой төрхийн билгэдэл болжээ. Гэхдээ энэ бол ганцаардмал дүр төрхийг илэрхийлсэн утга хараахан биш ээ. Шүлэгт гарах анчин эцгийн дүр бас л ганцаараа анд явж, ганцаараа л байгаль дэлхийн онгон догшин амьтадтай сэтгэлийн учгаар холбогдож, ганцаараа л тэдэнтэй холбоо тогтоон байгаа нь харагддаг. Энэ нь шүлгийн дүр дүрслэлээс илэрхий харагдах бөгөөд Явуухулан өөрөө анчин нүүдэлчний гэрт өсөн торниж, тэр л ахуй заншлаар хүмүүжсэн нэгэн болохоор байгаль дэлхийдээ хандах нүүдэлчний сэтгэл сэтгэлгээг хамгийн гүн гүнзгий ойлгож, тэрхүү ойлголтоо өөрийн уран бүтээлээр илэрхийлэн гаргаж чадсанаараа урлаг уран зохиолын ертөнцөд ихээхэн өөр өнцгийг авч ирж байгаа юм. Тэрээр өөрийн ботод амьдралаас ургуулан гаргасан энэ мэт гярхай ажиглалтандаа үндэслэж, анчин эцгийнхээ дүрээр дамжуулан нүүдэлчдийн амьдралын бусдаас өөр талыг илүү довойлгойлгон харуулсан нь бас мэдрэгдэнэ.
Тэхийн зогсоол шүлэг дээрх анчин эцгийн ярьж буй өгүүлэмжүүд ихэнхдээ өөрийн үзэж туулсан дээрээ үндэслэлгүй, харин өөрийн бодож эргэцүүлсэн зүйл дээрээсээ дүгнэн хэлэх юм уу эсвэл “- тэгдэг гэнэлээ, ингэдэг гэнэ лээ” гэсэн дам эх сурвалжаас ишлэн байх нь ихээхэн ажиглагддаг. Энэ дуулийн агуулга санаа нь яг ч хүний оршихуй, нийгмийн дүр тусгалыг бүрнээ үзүүлэхийг зориогүйг оргил хэц дээрх тэр тэхийн үйл байдлыг голчлон дүрсэлснээс тодорхой харж болно. Тухайлбал:
...Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ… гэх юм уу
...Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
хардаг юм гэнэлээ... гэх мэт.
Явуухулангийн дуулийн өгүүлэгч баатар болох анчин өвгөний гүн бодролт дүрслэл нэг талаар ардын үлгэр туульсад гардаг цэцэн мэргэдийн дүртэй ямар нэгэн байдлаар холбоотой мэт санагддаг. Энэ нь түүний тэхийн зогсоол дээрх ямааны тухай болон тэр оргилыг чухам яагаад “Тэхийн зогсоол” хэмээн нэрийдсэн талаар хүүдээ ихээ цэцнээр тайлбарлан ярьж өгч буй хэсгээс илүүтэй анзаарагддаг. Чингэхдээ бусдад цэцэн мэргэн хүн болж харагдах гэсэн ямар ч утга санааг агуулаагүй, гагцхүү өөрийнхөөрөө байгаа тэр оршихуй нь л сайх анчинг тийм сэтгэгдэлээр хүлээж авахад хүргэж байгаа зэрэг нь дүрийн эл талыг улам нарийн тодосгож буй юм. Нөгөө талаар сайх анчин маань энэ дуулийн хувьд оргил дээрх тэхэд тохион буй хувь заяаны зайлшгүй тохиолоор дамжуулан хорвоогийн жам, хувь заяаны эгэшгүй хатуугийн өмнө үр хүүхдээ хэрсүүжүүлэн бэлтгэх гэсэн эцэг хүний дүрээр дүрслэгджээ. Үнэхээр л оргил дээрх тэх нэг л өдөр жамын орчлонгоос халин одоход өнөөх анчин их л сэтгэл тайвнаар, инээмсэглээд, цай ойчлон сууж дүрслэгддэг билээ. Энэ бол хувь зайлшгүйтэй уужуу сэтгэлээр эвлэрч байгаа, гэнэтийн тэр гарзыг жам ёсны зүйл, байгалийн амьдралийн хэвийн нэг үзэгдэл мэтээр хүлээн авч, гагцхүү өөрийн жамаар, өөрийн хувь тавилангаар, өөрийн тааллаар халин одсон тэхийн өмнөөс сэтгэл тайвшран суугаа нүүдэлчин хүний, нүүдэлчний сэтгэлгээний илэрхийлэл юм. Ерөөс байгаль ертөнцийн жам ёс, хэзээ ч үл сөрж чадах хувь заяаны өмнө хүмүүн төрөлтөн хэрхэн хүчгүйдэн туйлдаж байгаа тухай гуниглалт дүрслэл Монголын уран зохиолын өгүүлэмжинд ихээхэн өргөн тархжээ.
Дуулийн төгсгөлд айлууд тэр өвөлжөөнөөс нүүх үед, найрагчийн эцэг өндөр хэцийн өнөөх оргилруу эргэн нэг хараад “-Төрсөн нутаг минь!” хэмээн эрхгүй нэг шүүрс алддаг. Энэ дүрслэл бол өвгөн анчин, өндөр хэц, хөгшин тэх гурвын хоорондох нарийн шижмийг тодотгож буй хэрэг бөгөөд басхүү өнөөх анчин өөрөө тэрхүү хэлхээ холбоогоо ямархан сэтгэлээр хүлээн зөвшөөрч байсныг илэрхийлдэг.
Гэхдээ энэ нь нийгмийн шинж чанар бүхий иргэн хүний бус байгальлаг бодьгаль хүний шинж чанарыг илүүтэй нээн харуулсан дүр дүрслэл бөгөөд бид үүнийг өөр өөрийн оюун дүгнэлтээр хүлээн авбал зохилтой.
“Тэхийн зогсоол” бол утга санаагаа туульсийн хэлбэрээр, хүний сэтгэл зүрхэнд хоногштол дүрслэн бичсэн зохиол юм. Энэ зохиолыг уншихдаа бид өвгөн анчны яриаг анхааралтай чагнах өвөлжөөний хүмүүс шиг байгаль дэлхийтэйгээ салшгүй хүйн холбоотой сэтгэлээр хандаж чадахгүй бол гол дүрийн тэр анчны дотоод сэтгэлийн нарийн нандиныг, бас зохиогчийн бидэнд хэлэхийг хүссэн тэрхүү утга санааг бүрнээ ойлгож, зохиолын гол цөмрүү нэвтэрч чадахгүй билээ. Тодруулбал, зохиогч тэрбээр бидний нүдэнд үзэгдэж, гарт баригдтал доторхой өгүүлээгүй ч зохиолынхоо цаана өгүүлэхийг хүссэн утга санаа нь хотжиж, иргэнших тусам, төрж өссөн нутаг, байгаль дэлхийгээсээ улам л алслагдаж, тэр хирээр бодьгаллаг, байгальлаг шинжээ гээн буй хүмүүсийн эх байгальтайгаа холбогдох шүтэн барилдлага, таслаж болшгүй хүйн холбооны талаарх үзэл санаа байлаа. Миний л үзэж буйгаар Явуухулангийн шүлэг найраг дотор ан амьтад, байгаль дэлхий, нутаг усны дүрслэл илүүтэй зонхилж, хүний тухайд асуудал ямагт хоёрдугаарт тавигдаж байжээ. Гэхдээ л түүний уран бүтээлд хайрлаж дурлаж явсан оргилуун сэтгэл дээрээ дөрөөлөн бичсэн хайрын тухайд олон сайхан шүлэг буй. “Мөнгөн хазаарын чимээ” нэрт нэгэн шүлэгтээ тэрбээр холоос ирэх амрагаа мөн эсэхийг таан, чимээ анирдан хүлээн буй тухайгаа бичсэн байдаг.
Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ.
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.
Хоёр бадаг наймхан мөр энэ шүлгээс бид хайр сэтгэлийн агуу их хүчийг мэдрээд зогсохгүй морин төвөргөөн бүдэг чимээ алсын тэртээгээс тодсон тодрохтой зэрэгцэн ямар нэгэн үл ойлгогдом хүлээлт догдлолд өөрийн эрхгүй эзэмдүүлэн буй мэдрэмжийг мэдрэх болно. Тийм ч учраас Явуухулан дээрх шүлгэн дээр өгүүлэгдэх морин дэлэн дээрх хүнийг үнэхээр л хүлээн догдолсон хайрт нь мөн эсэхийг батласан ч үгүй бас үгүйсгэсэн ч үгүй орхижээ. Гэхдээ шөнийн чимээ аниргүйд, тэргэл сарны гэрлийн дорх тодхон дүрийг зурагласнаараа тэрээр хүлээлт догдлолынхоо бодит төрхийг бидэнд нээн харуулж буй билээ. Чихэнд нь сонсдох чимээ нь тийм ч лавтай биш, барим тавим буй нь хүлээлт тааварлал дунд догдолсон сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг нь улам л түргэсгэнэ. Хэн нэгний хүлээж догдолсон сэтгэл нам гүмийн дунд өөрөө өөртөө чимээ авиаг үүтгэх нь угаас ухаангүй дурлалын урхинд орсон хүний шинж гэдэг нь илхэн. Шүлгийг ахин дахин уншихад, бас энэ шүлгийн утга санааг ахин дахин эргэцүүлэхэд Б.Явуухулан ямар нэгэн үг хэл, дуу авиагаар өөрийгөө илэрхийлэлгүйгээр, гагцхүү гадаад орчноос ямар нэгэн зүйлийг эрэн, хүлээж буй нь анзаарагддаг. Тэрээр шүлгээ бичихдээ тодорхойгүй зогсоц аван, үйл явдлын голд оролцогч байгаад зогсохгүй үйл явдлыг хөндлөнгөөс ажиглагч, тайлбарлагч болж чаддаг нь түүний уран бүтээлийг хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч, тэднийг байгаль ертөнц уугуул мөн чанартайгаа харилцан ярилцаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Өгүүллийнхээ эхэнд ишлэсэн шүлгийнх нь мөрнөөс үзэхүл Б.Явуухулан нийгэмшил иргэншлийн урсгал дунд хүн өөрийнхөө уугуул мөн чанар, хүнлэг, бодьгаллаг шинжээ гээх вий гэхээс л илүүтэй эмзэглэн бичиж байсан бололтой.
Ихэнх Монгол найргийн нэгэн адил “Монгол найраг” шүлэг сэтгэлийн гүнд шивнэх үгсээр дүүрэн буй… Энэ бол зүгээр нэг санамсаргүйгээр хэлж буй зүйл бус, харин түүний шүлгийг ахин дахин унших бүрт тэрхүү шивнээ улам бүр чихнээ тодрох шиг болдог тэр л мэдрэмжээс үүссэн бодрол юм.
“Монгол найраг” шүлгийнхээ дотрох үзэл санаагаар тэрээр Монгол үндэстний шүлэг найргийг бүх хүний таньж мэддэг, дэлхийн гайхамшиг болсон Таж Махал, Моно Лиза, Эфиопийн бүжиг гэх мэтийн урлагийн төгс бүтээлүүдийн өөдөөс сөргүүлсэн тавьсан юм. Энд Монгол найргийн хэл, хэлбэржилт , дүрслэлийн алинг нь ч онцлоогүй ч эцсийн эцэст энэ бүхэн нэгэн дор нийлж байж нэгэн цогц бүтээл болдог гэсэн санаа. Энэ санаа нь шүлгийнхээ гол цөмд зангидагдсанаар дээрх шүлэг өөрөө бүтцийн хувьд ч, утга санааны хувьд ч ихээхэн цогц бүтээл болжээ. Б.Явуухулан Монголын уран зохиол, шүлэг найргийг оюун санааны агуу их дуудлага, бүсгүй хүний хайр, эр хүний дурлалаар нээн бичсэн нь уншигч, сонсогчдод ямагт шинэ содон буудаг.
Сайхан бүсгүйг дуулсан
Монгол шүлгийн чадалд
Санаа сэтгэл ариусдагийн
Гогцоо нь гэвэл энд байна
Энэ мөртүүд тухайн цаг үеийнхээ уран зохиолын өнгө төрхийг хэр бодитоор тусгаж чадсан байна вэ?. Ганц Явуухуланд төдийгүй Монголын ихэнх найрагчдын хувьд яруу найраг гэгч нь ер бусын гайхамшиг, тэнгэр огторгуйтай холбогдох зам мөр, хүний сэтгэл зүрхэнд хүрэх, бодит үнэнийг нээж чадах түлхүүр юм. Гэхдээ нөгөө талаар яруу найраг бол хүний хэлээгүйг хэлж, мэдрээгүйг мэдэрч чадах арга зам, хүч авьяас билээ. Бидний уншсанчлан түүний эцэг аман яриагаараа тэхийн зогсоолын утга учир, хөгшин тэхийн жам ёсны үхэл зэргийг хүүдээ хэрхэн тайлбарлаж буй нь, түүний тайлал үгс нь үнэхээр л “цэвэр оюун санаан”-д хүрэх түлхүүр болж буйг анзаарвал зохилтой. Явуухулан байгалийн бодот оршихуй нь хүмүүсийн бүтээсэн урлагаас ихээхэн өөр шүтэн барилдлагад оршдогыг маш тодорхой бичсээр иржээ. Гэвч тэрээр:
Хүй сайхан байгаль
Цөмөөрөө уран ч гэлээ
Хүний гоо сайхантай
Зэрэгцэх нь огт үгүй.… хэмээн бичсэнээрээ өөрийнх нь
үнэт зүйл болсон, өөрийнх нь харъяалагддаг урлаг, уран сайхныг үгүйсгэсэн хэрэг огт биш юм.
Найрагчийн хувьд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэдэг бидний бүхий л сайн сайхан шинжийг өөртөө цогцлуулсан эх хүний гоо сайхан байлаа. Харин байгаль дэлхий бол түүний хувьд эмэгтэй хүний гоо сайхныг ийн нээхээс тэс өөр зүйл байв.
Баруунд эмэгтэй хүний гоо сайхныг үнэлэх үнэлэмж нь ихээхэн маргаантай асуудал байдаг. Харин нүүдэлчдийн амьдралд эх хүний тухай ойлголт, хандлага нь хотын соёлтой, барууны биднээс тэс өөр түвшинд, байгалийн жам ёсны эргэлтээс нилээд алсуур төсөөлөгддөг. Энэ шүлгийнхээ төгсгөлд тэрбээр Монгол найргийн шивнээгээр түүнд нөлөөлөх нэгэн нууцлаг ер бусын зүйлээс холдон эрин түүний оронд тэрбээр Леонарда Да Винчигийн Моно Лиза гэх мэт урлагын агуу шидээврүүдтэй танилцахыг илүүд үздэг. Энэ нь түүний хувьд гадны сонгодгуудаас төлөөлүүлэн авсан жишээ бөгөөд, шүлгийн утга санаагаар дамжуулан тэрбээр гадаад ертөнцийн сонгодгуудыг орчуулан Монгол түмэндээ хүргэх гэсэн хүсэл сонирхлоо гаргасан байж болох юм. Нөгөө талаар энэ шүлгийн гол цөмд далд битүү утгаар найрагч өөрөө тодрон гарч ирэх бөгөөд, Монгол яруу найрагч бусад орны найрагчдыг бодвол байгаль дэлхийтэйгээ илүү ойр байж, хүмүүний бодьгал шинжээ хадгалж үлдсэн тул цэвэр оюун санааны илэрхийллийн хувьд ихээхэн давуу байж болох юм гэсэн бардам сэтгэл нь бас цухалсаар байдаг.
Явуухулан 1982 онд, хийж бүтээх ид үе буюу 53-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Гэлээ ч түүний бүтээл найргийн үр нөлөө хожмын залуу уран бүтээлчдэд ихээхэн нөлөөлж, Монголын уран зохиолд томоохон өв болон үлдсэн юм. Яруу найрагч Г.Мэнд-Ооёогоор тэргүүлүүлсэн түүний шавь нар Явуухулангийн шүлэг найраг дахь байгаль ертөнцийн гүнээс ундрах их хайр, агуу их хүнлэг энэрэнгүй үзлийг одоо ч өөрийн уран бүтээлдээ өвлөн хадгалсаар явна.
Нөгөөтэйгүүр, хүний ертөнц байгалийн хүчин зүйлээсээ холдох тусам 20-р зууны үед Монголын уран зохиолын уламжлалд хүчтэй анзаарагддаг байсан асар романтик дүр дүрслэлүүд эдүгээд улам л хумигдан шахагдсаар байна уу даа. Явуухулангийн шүлэг найраг бидэнд агуудам их орон зай, цэлгэр уудам нутаг дунд өөр өөрсдийн бодьгал ертөнцийг бүтээн амьдарч буй хүмүүсийн дүр төрхийг анчин эцгээрээ, өөрөөрөө, бас хайртай бүсгүйгээрээ дамжуулан илэрхийлсээр л байнам.
Сиатл, 2008. 10
Англи хэлнээс орчуулсан Б.Баясгалан
НАМРЫН НАВЧИС
Найран дээрээс гараад иртэл
Намрын навчис унаж байлаа.
Налгар тэнгэрээр шувуудтай цуг
Нарлаг намар зэллэн одлоо.
Салхи ч үгүй нам гүм байтал
Шарласан навчис хийсэж байлаа.
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа.
Налгар тэнгэрээр шувуудыг дагаж
Зэллэсэн бүхэн эргэж ирнэ.
Намрын навч шиг надаас хийссэн
Залуу нас минь л эргэж ирэхгүй.
1965 он
AUTUMN LEAVES
When I left the party,
the autumn leaves had been falling.
The sun of autumn was strung out
with birds through the calm skies.
The wind, though, had been silent,
and the yellowed leaves rustling.
The way of life, though, in my mind,
turned the hair white upon my temples.
All who had followed the birds
through the calm skies returned.
My youth, though, fluttering from me
like autumn leaves, will not return.
1965