Оросын уянгын яруу найргийн ханхүү Сергей Есениний “Сонгомол шүлгүүд” хэмээх 10 хэвлэлийн хуудас ном МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч, сэтгүүлч Ж.Нэргүйн орчуулгаар хэвлэгдэн уншигчдын гар дээр очиж байна. Профессор С.Баясгалан, яруу найрагч Ц.Жамбалгарав, монгол судлаач Юрий Кручкин нарын ариутган шүүсэн том хэмжээний энэ түүвэрт гайхамшигт яруу найрагчийн 100 шүлэг, 2 найраглал багтсан байна.
Уг номын өмнөтгөлд нэрт орчуулагч, орос хэлний нэвтэрхий мэдлэгтэн Содовын Баясгалан “урьд өмнө олон дуун хөрвүүлэгч нар Есениний шүлгүүдийн зах зухаас бөмбөчүүлж байсан боловч Ж.Нэргүй шиг зориглон барьж аваад бүхэл бүтэн, яруу тансаг ном болгон гаргаж байсан нь үгүй” гэдгийг цохон дурдсан бол, сүүлийн үед монгол, орос хэлний томоохон толь бичгүүд бүтээсэн Оросын толь зүйч Юрий Кручкин “Яруу найргийг орчуулдаг хүн яруу найрагчтай нь өрсөлддөг юм” гэсэн их Пушкиний үгийг ишлэн аваад, аргагүй тансаг орчуулга” болсныг нь үнэлсэн байна.
Орчуулагч Ж.Нэргүй өөрөө энэхүү номынхоо төгсгөлд “Есениний шүлгийг монгол хэлнээ буулгахын тулд бараг 40 жил түүгээр өвчлөх хэрэгтэй байдаг аж. Тэгсний дараа яг “ханцуй шамлан” ороход 10 өдөр, 10 шөнө л хэрэгтэй байсан юмсанж” хэмээн ам алдсан нь сүүлийн үед гадаадын олон нэртэй бүтээлүүдийн орчуулгаар монгол хэлтнүүддээ бэлэг барьж буй дуун хөрвүүлэгчийн зангаргийг илтгэж буй бололтой.
Сергей Есениний эх нутгийн дуулал, эрээнтэй бараантай аж төрөл, хайр сэтгэлийн уянгыг дөрвөн бүлэг болгон ангилсан энэ томоохон бүтээлийг Соёл яруу найргийн академиас эрхлэн монгол уншигчидтай хүргэж байгаа юм.
Уг номын нээлт энэ сарын 4-ний баасан гаригт “Интерном” номын дэлгүүрт болно.